УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим татварыг ирэх сараас нэмэгдүүлэх саналыг дэмжсэн. Тэгвэл ирэх сарын нэгнээс нэмэгдэх татваруудыг танилцуулж байна.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Тухайлбал, 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 хувиар тус тус онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ.
Ингэснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байгаа аж.
Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Өөрөөр хэлбэл хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах юм. Ингэснээр төсвийн орлого энэ онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж.
Импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг ирэх сарын нэгнээс дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тулган нэмэгдүүлж 30 хувьд хүргэнэ. Хуулийн төслийн танилцуулгад импортын тамхинд 5 хувийн гаалийн албан татвар ногдуулдаг ба ирэх сараас энэ хувь 30 болж өсөхөөр болж байгаа юм.
Ингэж хувь хэмжээг нэмэгдүүлсэнээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх аж.